|
Бичсэн Administrator
|
|
Мягмар, 2008 оны 12 сарын 09 |
Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн өргөн уудам газар нутаг маань арвин их эрдэс баялагтай учир манай орны эдийн засаг, эрчимтэй хөгжлийн түшиц тулгуур нь яах аргагүй ашигт малтмалын салбар билээ. Улс гэрийнхээ төсөв санхүүгийн дийлэнхи хувийг бүрдүүлж, Монгол улсын хөгжлийн цоо шинэ үеийг цогцлооход чухал хувь нэмрээ оруулах түүхэн үүргийг манай Ашигт малтмалын газрын хамт олон хүлээгээд байгаа юм. Тийм ч учраас манай хамт олон Монгол улсын хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлж, ажил албаа нэр төртөй, үр бүтээлтэй, өндөр хариуцлагатай авч явахыг гол зорилгоо болгож байна. Монгол улс эрдэс баялгийн асар их нөөцөөрөө дэлхийн улс гүрнүүдийн анхаарлын төвд хэдийнэ орсон учраас ашигт малтмалаа хамгийн үр дүнтэй хувилбараар эдийн засгийн эргэлтэнд оруулж улсынхаа төсөв хөрөнгийг зузаатгах нь Засгийн газар болон Ашигт малтмалын газрын нэн чухал зорилтод тооцогддог. Тиймээс ашигт малтмалын салбарын цар хүрээг өргөтгөж, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэх зорилгоор уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улс орны туршлагаас судлаж, дэвшилтэт шинэ техник, технологийг өөрийн орондоо нэвтрүүлэн, боловсон хүчнийг чадваржуулах тал дээр онцгойлон анхааруулж байгаа билээ. Дээрх дурдсан чухал үзүүлэлтүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийг ч илүүтэй дэмжиж ажиллах нь зүйн хэрэг юм. Манай улсын хувьд уул уурхайн хөгжлийн төлөвшил нь дан ганц салбарын ойлголт биш учраас энэ сайхан газар орныхоо эрдэс баялгийг зүй зохистой олборлож, ашиглалт хийсэн газар шороогоо нөхөн сэргээхэд онцгойлон анхаарч, улс Монголоороо баян амьдрах сайхан боломжийг олгосон байгаль дэлхийгээ нандигнан хайрлах эрхэм үүргийг иргэн бүр, аж ахуйн нэгж болгон, төрийн үйл хэргийг хэрэгжүүлэгч байгууллагууд бүгдээрээ ойлгож ухамсарлах нь чухал болоод байна. Ингээд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрдэс баялаг эрчим хүчний яамны харъяа Ашигт малтмалын газрын үйл ажиллагаа болон Монгол орны геологи, уул уурхайн хөгжлийн өнөөгийн байдалтай танилцаж байгаад баяртай байна. Цаашид та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно.
Хүндэтгэсэн, Ашигт малтмалын газрын дарга Д.БАТХУЯГ |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв, 2010 оны 05 сарын 20 )
|