Нүүр хуудас arrow Үйлчилгээ arrow Геологийн мэдээллийн тасаг

Геологийн мэдээллийн тасаг
Геологийн мэдээллийн тасаг Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Лхагва, 2008 оны 05 сарын 07
Идэвхтэй ЗурагТүүх

        1921 онд Монгол улсад үндэсний хувьсгал ялснаас хойш эх орны баялгийг судлах явдал улсын мэдэлд шилжиж, түүнтэй холбогдсон баримт материалын хуримтлал үүсэх бололцоо нөхцөл бүрдсэн байна. Ялангуяа ЗХУ-ын ШУА, Геологийн Хорооны тусламжтайгаар геологийн судалгааны ажлыг эхэлж, 1923 оноос анхны анги, экспедицийг ажиллуулж эхэлсэн нь манай орны геологи ашигт малтмалын судалгааны баримт материал үүсэх анхны алхам болсон юм.

        Улмаар 1931 онд Дорнодын геологи хайгуулын экспедиц, 1938 онд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (ШУХ) геологийн тасаг, 1939 онд Аж үйлдвэр, барилгын яамны Уурхай ашигт малтмалын трест, 1943 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн ІСов-Монгол металлІ нийгэмлэг, 1947 онд ІМонгол нефтьІ хэмээх үйлдвэрийн газрууд байгуулагдаж, геологи хайгуулын ажил өргөн хүрээтэй хийгдэж ирсэн нь геологийн баримт материалын хуримтлал харьцангуй богино хугацаанд түргэн өсөх зохимжтой нөхцлийг бүрдүүлжээ.

      1956 онд Монгол орны геологи, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг олон жил судалсан Зөвлөлтийн геологи хайгуулын Дорнодын экспедиц, ІСов–Монгол металлІ нийгэмлэг геологийн үйл ажиллагаагаа манай оронд дуусгаж, өөрийн фондод хадгалагдаж байсан геологийн судалгааны материалын зохих хувийг Шинжлэх Ухааны Хүрээлэнд шилжүүлж өгсөнөөр манай орны геологийн судалгааны баримт материалын фонд үүсэх эхлэл тавигдсан байна.

        1957 онд үндэсний геологийн албыг өргөтгөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөл (СнЗ) -ийн дэргэд Геологи шинжилгээний газрыг (ГШГ) байгуулж геологийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж байсан байгуулгуудыг төвлөрүүлсэн нь геологийн улсын нэгдсэн хадгаламж байгуулах чухал нөхцөл болжээ.

       БНМАУ-ын СнЗ-ийн 1957 оны 11-р сарын 27-ны өдрийн 641-р тогтоолд «Улсын хэмжээгээр геологийн фондыг нэгтгэж хадгалахын чухалыг харгалзан, ГШГ-ын дэргэд Улсын геологийн фондыг байгуулж түүнд улсын хэмжээгээр урьд хийгдсэн ба хойшид хийгдэх геологи шинжилгээний ажлын бүх фондыг нэгтгэн хадгалж байсугай» гэж заасны дагуу ШУХ, Нефть хайгуулын Чойбалсан хот дахь контор, 54-р трест зэрэг газруудаас геологийн баримт материалыг хүлээн авч төвлөрүүлэх замаар Улсын геологийн фондыг байгуулсан байна.

       Ийнхүү Улсын геологийн фонд нь 1957 онд ГШГ-ын харъяанд 2 орон тоо (дарга: анхны геологич Ж.Дүгэрсүрэн, номын санч: Г.Мэндбаяр)–тойгоор анх зохион байгуулагдан үүссэнээс хойш цаг үеийн онцлог, шаардлагаар ГШГ, НАХЯ, Геологийн Яам, ТЭХҮЯ, Монголын Геологийн алба, ЭХГУУЯ зэрэг төрийн байгууллагуудын харъяанд орж ирсэн бөгөөд 1997 онд АМХЭГ-ын Геологийн алба (одоогийн АМГТХЭГ-ын Геологийн газар)-ны харъяа Геологийн мэдээллийн төв болсон байна.

      Улсын геологийн фонд (ГМТ-ийн архив) нь БНМАУ-ын СнЗ-ийн 1960 оны 216-р тогтоолоор улсын чанартай 27 архивын нэгд тооцогдон батлагдсан бөгөөд одоо Архивын тухай хуулийн заалтын дагуу төрийн тусгай архивын тоонд “Геологийн баримтын төв” нэрээр бүртгэгдсэн манай улсын томоохон салбар архивын нэг юм.

       Улсын геологийн фондыг 1997 оны 5-р сарын 30-ны өдрийн Засгийн газрын 132-р тогтоолоор АМГТХЭГ-ын Геологийн газар (хуучнаар АМХЭГ-ын Геологийн алба)-ын бүтцэд нэгтгэж, ГМТ гэж нэрлэсэн байна.

        Геологийн мэдээллийн төв (УГФ) нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсад геологи, ашигт малтмалын судалгааны ажлын чиглэлээр гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбогдолтой тайлан, мэдээ, баримтыг архивлан хадгалах, сонирхсон хэрэглэгчдэд дээрх материалаар үйлчлэх, геологи судалгааны ажилд шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх талаар гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг цаг үеийн шаардлага, хэрэгцээтэй уялдан "хадгаламжийн", "номын сангийн", "мэдээлэлийн" байгууллагын шинжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Геологийн мэдээллийн тасагийн түүхийн товчоо
  1. БНМАУ-ын СнЗ-ийн 1957 оны 11-р сарын 27 ны өдрийн 641 дүгээр тогтоолоор Улсын геологийн фонд нэртэйгээр анх байгуулжээ.
  2. 1959 онд ГШГ-ын даргын 1959 оны 2-р сарын 2-ны 23 тоот тушаалаар хэлтэс болгосон.
  3. 1960 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 171/112 тогтоолоор Нийгмийг Аюулаас хамгаалах яаманд шилжүүлсэн.
  4. 1962 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 115/150 дугаар тогтоолоор ГШГ-т шилжүүлсэн ба 1976 он хүртлэх хугацаанд Геологийн яам, ТЭХҮЯ-ны нэг хэлтэс байдлаар ажиллаж байв.
  5. 1976 онд СнЗ-ийн 92 дугаар тогтоолоор Улсын геологийн фондыг дахин байгуулах шийдвэр гаргасны дагуу ГУУҮЯ-ны сайдын 1976 оны 4-р сарын 14-ны өдрийн 22-р тушаалаар Улсын геологийн фондын хэлтэс, Институтын фондын групп, Барилгын материалын экспедицийн дахин үнэлгээний 10-р ангиудыг нэгтгэн УГФ-ыг бие даасан газар болгон өргөтгөн зохион байгуулжээ.
  6. 1989 оны СнЗ-ийн 06 сарын 02-ны өдрийн 114-р тогтоолоор УГФ-ыг эрхлэн гүйцэтгэх ажил үүргийн хүрээний дагуу УГФ, Хяналтын газар болгосон байна.
  7. 1991 оны 09 сарын 23-ны өдрийн 258-р тогтоолоор УГФ, тандан судалгааны төв гэж нэрлэжээ.
  8. 1992 онд Монголын геологийн албанд нэгтгэсэн.
  9. Эрчимхүч, геологи, уул уурхайн яамны сайдын 1995 оны 1-рсарын 12-ны өдрийн 10-р тушаалаар Улсын геологийн фонд болгон зохион байгуулсан.
  10. 1997 оны 5-рсарын 30-ны өдрийн Засгийн газрын 132-р тогтоолоор АМГТХЭГ-ын Геологийн газар (хуучнаар АМХЭГ-ын Геологийн алба)-ын бүтцэд нэгтгэж, ГМТ гэж нэрлэсэн байна.

ГМТ-ийн бүтэц, зохион байгуулалт
 

Идэвхтэй Зураг

ГМТ нь өнөөдрийн байдлаар дараахь үндсэн хэсгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Геологийн тайлан, анхдагч материал, чулуун дээж, аэрофото болон сансрын зураг, байр зүйн зургийн сан үүсгэж, түүгээрээ үйлчилгээ хийх хадгаламж-үйлчилгээний хэсэг.
  • Геологи ашигт малтмалын холбогдолтой мэдээллийн сан үүсгэх, боловсруулалт хийж, шинэлэг мэдээлэл гаргах үүрэг бүхий мэдээллийн сангийн хэсэг.
  • Геологийн холбогдолтой зураг материалыг боловсруулан хэвлэж гаргах зургийн хэсэг.
  • Тандан судалгааны хэсэг. Сансрын зургийн тоон мэдээлэлд боловсруулалт хийн бэлтгэж, геологийн судалгааны үйлдвэрлэлийн ажилд нэвтрүүлэх, үйлчлэх зорилготой.
  • Төсөл хэрэгжүүлэх хэсэг.
  • “Монгол орны Геомэдээллийн сан” төсөл. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 08 сарын 29 өдрийн 183-р тогтоолоор батлагдсан “Монгол орны Геомэдээллийн сан бүрдүүлэх” хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна.

      Монгол орны хэмжээнд хийгдсэн бүх төрлийн геологи ба ашигт малтмалын мэдээллийг бүрэн хамруулан нэгтгэж, 1:200,000-ны масштабтай Улсын геологийн иж бүрдэл зураг зохиох зорилготой ІМонгол Улсын 1:200,000-ны масштабтай Улсын геологийн зураг зохиох І буюу “УГЗ-200” төсөл. Энэ төслийг өнөөдрийн байдлаар 4 төсөл болгон хэрэгжүүлж байна. Үүнд:

  • "Баруун Монголын УГЗ-200",
  • "Төв Монголын УГЗ-200",
  • "Дорнод Монголын УГЗ-200"
  • "Өмнөд Монголын УГЗ-200" төслүүд болно.

       Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазУ-ын хамтарсан “Төв Ази болон зэргэлдээх нутгуудын 1:2,500,000-ны масштабын Геологийн зургуудын атлас зохиох” төсөл. Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекстан, Солонгос зэрэг улсуудын хамарсан геологийн томоохон тогтоц буюу Төв Азийн хөдөлгөөнт бүс, Сибирь, Хойд хятадын платформын хойд хэсгийг хамарсан 18 сая гаруй кв.км талбайд хийгдсэн геологи, ашигт малтмалын мэдээллүүдийг нэгтгэн уялдуулж; геологи, тектоник, минерагени, эрчим хүчний түүхий эдийн минерагенийн зургуудыг зохиох зорилго бүхий хөтөлбөрийг дээрх улсуудтай хамтран гүйцэтгэж байна.

        Монгол, БНХАУ-ын хамтарсан “Монгол Улс ба БНХАУ-ын хилийн дагуух бүсэд 1:1,000,000-ын масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох” төсөл. Монгол-Хятадын хилийн дагуух зурваст 1,238,873.38 кв.км. талбайд хийгдсэн геологи, ашигт малтмалын мэдээллүүдийг нэгтгэн уялдуулж; геологи, тектоник, ашигт малтмал (минерагени), экологи-геологийн зургуудыг зохиох зорилготой.

Геологийн мэдээллийн тасагийн үндсэн үйл ажиллагаа

 

  • Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны бүх төрлийн (геологийн зураглал ба эрэл хайгуул, гидрогеологи, геохими, геофизик, инженер геологи, хөрс ба цэвдэг судлалын судалгааны тайлангууд, ордуудын техник эдийн засгийн үзүүлэлтүүд г.м.) тайлан, мэдээ, зураг материалыг нэгтгэж, төвлөрүүлэн хадгалах,
  • Эдгээр судалгааны материалын үр дүнгийн талаар каталог хийх ба архивлах,
  • Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны бүх төрлийн тайлан, мэдээ, зураг материалыг боловсруулан мэдээллийн сан бүрдүүлэх,
  • Тодорхой бүс нутгийн мэдээллийг боловсруулан сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүст мэдээллээр үйлчлэх,
  • Хэтийн төлөв бүхий ашигт малтмалын төрлүүд, улсын хэмжээнд болон аймаг, бүс нутгуудыг хамарсан багц мэдээлэл бэлтгэх,
  • Ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг хөтлөх, жил бүрийн нөөцийн баланс гаргах,
  • Улсын төсвийн хөрөнгөөр шинээр хийгдэж буй геологи, гидрогеологи, геохими, геофизик болон бусад ажлын талаарх мэдээллийн зураг боловсруулах ба мэдээллээр хангах,
  • Төрийн нууцад хамааруулснаас бусад Монгол Улсын геологи, уул уурхайн холбогдолтой мэдээллээр сонирхсон бүх байгууллага, хүмүүст үйлчлэнэ.

Геологийн мэдээллийн тасагаас үзүүлэх үйлчилгээнүүд:

  • Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн (төрийн нууцад хамааруулснаас бусад) геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны бүх төрлийн тайлан, мэдээ, зураг материалыг үзэж, танилцах боломжоор хангах,
  • Хадгалагдаж буй геологийн мэдээллийн талаар зөвлөлгөө өгөх,
  • Үйлчлүүлэгчдийн захиалгаар геологийн мэдээллээс тусгай болон төрөлжсөн мэдээлэл бэлтгэх,
  • Зураг, материалыг хувилж үйлчлэх,
  • Мэдээллийг бусад хэлэнд орчуулах,
  • Захиалгаар сансрын зураг боловсруулах, хэвлэх,
  • Геологи, ашигт малтмал, тектоник, геохими зэрэг төрөл бүрийн чиглэлээр мэдээ, зураг боловсруулж, худалдах.

Геологийн мэлээллийн тасаг дахь мэдээллийн төрлүүд:

  • Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн зураглал, гидрогеологи, геохими, геофизик, инженер геологи, хөрс ба цэвдэг судлалын судалгааны зэрэг геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны бүх төрлийн тайлангууд,
  • Геологи, геохими, геофизик, геоморфологи, ашигт малтмал, топографийн зэрэг геологийн төрөл бүрийн сэдэвчилсэн зургууд,
  • Ашигт малтмалын ордуудын эрэл, хайгуулын ажлын тайлангууд, Ашигт малтмалын ордуудын хүдрийн металлургийн туршилтын үр дүнгүүд, эрдсийн түүхий эдийн технологийн туршилт, техник-эдийн засгийн үндэслэлүүд,
  • Давхарга зүй, тектоник, палеонтологи, петрограф, минералог, геофизик, гидрогеологи, ашигт малтмалын орд, объектын инженер геологийн чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт-шинжилгээ, сэдэвчилсэн ажлын тайлангууд: геологийн судалгаанд тандан судалгаа, сансрын зургийг тайлах замаар ашиглан гаргасан тайлан дүгнэлтүүд; кондиц зохиолт, ашигт малтмалын ордын үнэлгээ, нөөцийн тооцоо, геологи хайгуулын ажлын төлөвлөлт аргачлал болон геологи хайгуулын ажлын зардлын тухай тайлангууд; геологийн эдийн засгийн тойм, нэгдсэн дүгнэлт ашигт малтмалын нэгдсэн мэдээллүүд, геологи хайгуулын ажлын экспертизийн дүгнэлтүүд,
  • Структурын болон тулгуур зүсэлтийн зориулалттай гүн өрөмдлөгийн ажлын тайлангууд,
  • Ашигт малтмал, уст цэгүүдийн кадастрын бүтгэлийн хуудсууд: палеонтлоги, геологи, гидрогеологи, геофизик, инженер геологийн судалгааны бүртгэлийн хуудсууд, дүгнэлтийн товчлол, тэмдэглэлүүд,
  • Уулын олборлох үйлдвэрүүдийн нөөцийн хөдөлгөөний жилийн тайлан баланс, эрх бүхий байгууллагуудын техникийн зөвлөл, комиссын нөөц баталсан тухай протоколууд,
  • Агаарын геофизикийн судалгааны үр дүнгүүд ба нислэгийн дэвсгэр зургууд,
  • Геологийн бүх төрлийн хээрийн судалгааны ажлын (тайлангууд)-ын хээрийн судалгааны тэмдэглэл, лабораторийн шинжилгээний хариу, уулын малталт болон өрөмдлөгийн ажлын баримт бичгүүд зэрэг анхдагч материалууд,
  • Геологи, геофизик, гидрогеологийн болон геохимийн урьд хийсэн ажлуудын судалгааны зургууд (картограммууд),
  • Геологи хайгуулын ажлын ба ашигт малтмалын ордуудын каталогууд,
  • Агаарын болон сансрын (LandSat, Spot г.м. системийн хиймэл дагуулуудаас авсан тоон мэдээлэл) зургууд,
  • Монгол улсын төрөл бүрийн масштабын байр зүйн зургууд,
  • Монгол улсын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензийн талаарх болон уул уурхайн үйл ажиллагааны тухай мэдээлэл.
        Хадгаламжид байгаа нийт материалын 30% нь зураглалын ажлын, 40% эрэл хайгуулын ажлын, 30% нь сэдэвчилсэн судалгаа болон бусад ажлын тайлан байгаа бөгөөд 80 орчим хувь нь орос хэл дээр 19.5% нь монгол хэл дээр 0.5% нь англи хэл болон бусад хэл дээр бичигдсэн байна.

Хаяг:
Ашигт малтмалын газар,Геологийн мэдээллийн тасаг
Дарга Г.Алтанхуяг
Барилгачдын талбай-13, Засгийн газрын 12-р байр
Шуудангийн хайрцаг – 38
Улаанбаатар-211238
Монгол Улс
Тел: (976) (51) 263-926, 263-934
Факс: (976) (11) 317-797
Веб:www.geology.gov.mn
И-майл: Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 2009 оны 06 сарын 22 )