Байгууллагын түүх


  • Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж тус оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэ орчин бүрдсэн билээ.Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1З2 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг байгуулж, тус газрын даргаар Д.Жаргалсайханыг томилжээ.

  • “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах” тухай УИХ-ын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 249 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох АМХЭГ (хуучнаар), Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-ыг байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 159 дүгээр захирамжаар Л.Болдыг тус газрын даргаар томилжээ. АМГТХЭГ (хуучнаар) нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үйлдвэр, худалдааны сайдаас эрдэс баялаг, газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, чиглэлүүдийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон байна.

  • УИХ-ын 2008 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ (хуучнаар)-ыг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

  • Засгийн газрын 2009 оны 54 дүгээр тогтоолоор Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Батхуягийг томилсон байна.

  • Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилов.

  • Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа нь тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов.

  • Улсын Их Хурлын 2016 оны 12 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  Балдоржийн Баатарцогт томилогдон ажиллаж байна.