Мэндчилгээ


IMG_0115Манай цахим хуудсаар зочилж Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцан бид бүхэнтэй хамтран ажиллагч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай агентлаг нь төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хүнд сурталгүй, ил тод,  нээлттэй, болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглах, аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг, хууль эрх зүйн хүрээнд чанарын өндөр түвшинд хүргэх, хүртээмжийг сайжруулахад анхааран ажиллаж  байгаа билээ.

Мөн бид төрөөс эрдэс баялаг, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн,  цацраг идэвхт ашигт малтмал болон хүнд  үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, бодлогын болон эрх зүйн баримт бичгүүд, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улмаар харилцагчид, хөрөнгө оруулагчтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллан, төрийн үйлчилгээ үзүүлэн, үндэсний эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.

Үндэсний эрдэс баялаг, геомэдээллийн сангийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэн сайжруулах, мэдээлэл түгээх үйлчилгээг хялбаршуулах, уул уурхай, хүнд үйлдвэрлэл дэх төр, хувийн хэвшлийн бизнесийн шударга, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг удирдлага болгох, кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, газрын тосны эрэл, хайгуул, боловсруулалтыг эрчимжүүлэх, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, эрдэс баялгийн салбарыг тогтвортой хөгжүүлхэд манай агентлаг онцгойлон анхаарах болно.

Эрхэм та манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, манай салбартай холбогдон гарсан Засгийн газар, яам, агентлагийн шийдвэрүүд, салбарын гадаад хамтын ажиллагаа зэрэг мэдээллүүд мөн цахим үйлчилгээг хүлээн авах болно.

Та бүхнийг шинээр зохион байгуулагдаж буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Ашигт малтмал, газрын тосны газартай нягт уялдаатай хамтран ажиллахад манай хамт олон баяртай байх болно.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН

ДАРГА Б. БААТАРЦОГТ