“Доншен Газрын тос Монгол” ХХК-ийн 2016 онд хийгдсэн ажлуудын гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж, 2017 оны төлөвлөгөө, төсвийг хянан хэлэлцэж, санамж бичиг байгууллаа

Оруулсан:

2016/12/27


DSC_0244

Монгол Улсын Засгийн газрын баталсан 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос Монгол” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд 2016 онд хийгдсэн ажлуудын гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж, 2017 оны төлөвлөгөө, төсвийг хянан хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа.

Гэрээт  талбайгаас 2016 онд нийт 51520 тонн түүхий тос олборлож, 50130тн түүхий тос экспортолсон ба 2016 оны түүхий тосны олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 101%-тай байна. Мөн давхаргын даралтыг тогтворжуулах зорилгоор ашиглах ус шахалтын зохион байгуулалтыг сайжруулж, усаар түрэгдэх нөөцийн хэмжээг 1,6 сая тонноор нэмэгдүүлсэн. 2016 онд Монгол Улсын Засгийн газарт ногдох  тосны орлого 3,36 сая ам.доллар байна.

2017 оны батлагдсан ажлын төлөвлөгөө, төсвийн дагуу 11,06 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 45000 тонн түүхий тос олборлож, экспортлоно. Мөн гэрээлэгч компани нь түүхий тосны зах зээлийн үнэ 55 ам.доллар/баррел/-иас дээш болох нөхцөлд нэмэлт арга хэмжээ авч, олборлолтыг нэмэгдүүлэхийг зөвшөөрөв.

Уулзалтаар тус компанид ажиллаж буй инженерүүдийг газрын тосны ордын ашиглалтын чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамруулах, туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах журам боловсруулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, мөн хяналтыг сайжруулах талаар авах арга хэмжээнүүд зэрэг 15 зүйл бүхий санамж бичгийг байгуулав.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Мэдээг үнэлэх
[Нийт: 0 Дундаж: 0]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх