МЭНДЧИЛГЭЭ: МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 94 ЖИЛИЙН ОЙ, УУРХАЙЧДЫН БАЯР

Оруулсан:

2016/12/25


Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Уул уурхайн салбарын хамт олон нийт уурхайчид, салбарын түүхийг бүтээлцсэн ахмадууд, судлаачид, эрдэмтэн багш нар, оюутан залуус та бүхэндээ Уурхайчдын өдрийн халуун мэндийг АМГТГ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе.

Салбарын түүхийн үе үеийн томоохон төөлөл болох Налайх, Шарын гол, Багануур, Адуун чулуун, Шивээ овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгойн уулын баяжуулах үйлдвэрүүд зэрэг асар том бүтээн байгуулалт, тэдгээрийг дагасан хот, суурингууд бол уул уурхайн салбарын эрдэмтэд, инженерүүдийн шийдлээр, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр, уурхайчид, туслан гүйцэтгэгчдийн гараар бүтээгдсэн нийгмийн баялаг гэдгийг бахархан тэмдэглэж байна.

Монголын уул уурхай цаг үеийн олон хүнд шалгуурыг даван туулж улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж ирсэн 94 жилийн түүхэн улбаагаараа энэхэн цаг үеийн хямрал, зах зээлийн хүндрэлийг ажралгүй гэтлэн, тасралтгүй өөдлөн дэвжиж урагшлан хөгжинө гэдэгт илтгэлтэй байна.

Төрийн бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж, байгууллагууд болон салбарын хүрээнд үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхлэгчдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үзүүлэх, ил тод, хариуцлагатай, уул уурхайг хөгжүүлэхэд манай байгууллага онцгой анхааран ажиллаж байна.

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарын холбогдолтой бүх төрлийн мэдээллийг дэлхийн аль ч газраас олж үзэж танилцах боломжийг хангах үүднээс манай байгууллага өөрийн мэдээллийн сангуудыг нэгтгэн боловсруулж цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид өөрийн эрхэлсэн чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулагчдад нээлттэй хамтран ажиллах болно.

Геологи, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө тайланг цахим хэлбэрээр хүлээн авах ажлыг эхлүүлээд байгаа ба цаашид геологи, уул уурхайн тайланг олон улсын жишигт нийцсэн тоон мэдээллээр авдаг  болох зорилт тавин ажиллаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг сахиж, байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх үүргээ марталгүй ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимдаа үнэнч хэвээр байхыг хүсэхийн зэрэгцээ энэхүү үүрэг хариуцлагаа ухамсарлаж, улс орноо хөгжүүлэх арвин их үйлсэд нь амжилт хүсч, манай хамт олон та бүхний мэргэжлийн дотны зөвлөгч, хамтрагч байх болно гэдгээ дахин илэрхийлье!

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүчин болсон эрхэм уурхайчин та бүхэндээ тэр дундаа оны хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан салбарын бүх шилдэгүүддээ дахин баяр хүргэж ажлын амжилт хүсье!

Ашигт малтмал, газрын тосны газрын

дарга Б.Баатарцогт

Мэдээг үнэлэх
[Нийт: 1 Дундаж: 3]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх