Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал,газрын тосны газар болон “Smart oil investment ltd” компанийн хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 12 ны өдөр Улаанбаатар хотноо боллоо

Оруулсан:

2016/09/29


2

2016 оны 8 дугаар сарын 24-ний  өдрийн Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны  газар болон “Smart Oil Investment Ltd” компанийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрхийг Ашигт малтмал,газрын тосны газарт олгосны дагуу энэхүү гэрээг байгууллаа.

Гэрээ байгуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан,Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Х.Бадамсүрэн,Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга  Т.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд  Син Хай Мин зэрэг албаны хүмүүс оролцлоо.

2

Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2014 онд олон улсад нээлттэй зарласан бөгөөд уг сонгон шалгаруулалтад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Smart Oil Investment Ltd” компани  шалгарчээ.

“Smart Oil Investment Ltd” нь хайгуулын “Эргэл XII” талбайд хайгуулын 8 жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул, 1000 тууш км 2 хэмжээст, 100 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуул, үнэлгээний 8 цооног өрөмдөж, хайгуулын ажилд 35,5 сая ам.доллар зарцуулах юм.

 “Smart Oil Investment Ltd” компани нь хайгуулын  хугацаанд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг жил бүрээр дэлгэрэнгүй боловсруулсан бөгөөд байгаль орчны суурь судалгаа, үнэлгээ, хяналт шинжилгээний ажлуудыг Монгол Улсын “Байгаль орчны тухай” багц хуулиудын хүрээнд холбогдох бусад хууль, тогтоомж, стандартын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд нийт 1 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Хайгуулын “Эргэл XII”  талбай  нь Дорноговь аймгийн  Хатанбулаг, Хөвсгөл,  Мандах сумдыг хамарсан нийт 11630 км.кв хэмжээтэй юм.

Мэдээг үнэлэх
[Нийт: 0 Дундаж: 0]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх